Сайд Л.Болд дэлхийн эдийн засгийн форумын Япон дахь уулзалтад оролцлоо

Сайд Л.Болд дэлхийн эдийн засгийн форумын Япон дахь уулзалтад оролцлоо

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 9-12-нд Япон Улсад ажлын айлчлал хийж,“Дэлхийн эдийн засгийн форумын Япон дахь уулзалт-2013”арга хэмжээнд оролцов.

Айлчлалын үеэр тэрбээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-д бараалхаж, тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад хэргийн сайд Ф.Кишида-тай уулзав. Сайд Л.Болд Японы Ерөнхий сайд Ш.Абэ-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, энэ оны 3 дугаар сард Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсныг талархан тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Зүүн хойд Азийн энх тайван,аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөхУлаанбаатарын яриа хэлэлцээ эхлүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Абэ–Эби” санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэ онд Япон Улсад хийх айлчлал чухал ачхолбогдолтой болохыг тэмдэглэж, айлчлалыг  үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Гадаад хэргийн сайд Ф.Кишида-тай хийсэн уулзалтаар Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлууд шуурхай хэрэгжиж  байгаад талууд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлээр Дунд хугацааны хөтөлбөр байгуулах, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны “Эрч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа харилцан нотлов.

“Дэлхийн эдийн засгийн форумын Япон дахь уулзалт 2013”-д оролцох үеэр тэрбээр “Дэлхийн эдийн засгийн форум”-ыг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Клаус Шваб, гүйцэтгэх захирал В.Врэндэ,“Япон дахь уулзалт 2013”-ын тэргүүн С.Огата, мөн Токио хотын дарга Н.Иносэ, JICA-гийн Ерөнхийлөгч А.Танака, JETRO-гийн Ерөнхийлөгч Х.Ишигэ болон банк санхүүгийн байгууллагын зарим тэргүүн нартай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож, Монгол Улсад хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав.

Түүнчлэн Дэлхийн эдийн засгийн форумын удирдлагуудтай уулзах үеэр ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Дэлхийн эдийн засгийн форумын Улаанбаатар дахь уулзалтад төлөөлөгчдийг өргөнөөр урьж оролцуулах талаар санал солилцож, цаашид энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохирлоо.

Сайд Л.Болд Дэлхийн эдийн засгийн форумын үеэр  Дэлхийн геополитикийн өнөөгийн орчин, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил ба түүний дэлхийн хөгжилд үзүүлж буй нөлөө,   Дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудлаар болсон салбан хуралдаанд тус тус  панелистаар оролцов.

Түүнчлэн Япон Улсын  Загас агнуур, ой мод, хөдөө аж ахуйн сайд Ё.Хаяши-тай уулзаж, хоёр орны  хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа, мөн бүс нутгийн хүнсний аюулгүй байдлын зэрэг асуудлаар санал солилцлоогэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих