Их хүлээлт үүсгэсэн найман хувь

Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийн цөөнгүй хувь нь бөгс эргэх зайгүй шахам ч байсан хамаагүй байранд амьдрах хүсэлтэй.

Тэр байр нь чанартай, чанаргүй, тав тухтай байх эсэхээс үл хамааран орон сууцанд шунан дурлагсад олон болчихож. Тэр хүсэл дээр нь хэдэн барилгын компаниуд тоглож, орон сууц нэртэй өндөр байшингуудыг үйлдвэрлэж, дээрээс нь үнийг нь тэнгэрт аваачаад “уячихсан”. Одоо яая гэх вэ дээ, нэгэнт эрэлт хэрэгцээ их байгаа хойно, тэдний түмэн зөв.

Харин иргэдийн тэр их эрэлт, барилгын компаниуд хоёрын чин хүслийг нэгэн цэгт уулзуулах бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Өмнөх Засгийн газрын үед зургаан хувийн зээл гэгчийг гаргасан. 40, 50, 60 сая төгрөгийн зээл авч, байранд амьдрах гэж зүтгэж байгаа хүмүүсийн хувьд зургаан хувийн зээл гэдэг алтан боломж. Гэхдээ тэр зээл нь явцгүй гэдэг нь харагдаж, цөөнгүй хэдэн хүн хохирчихоод байж л байна. Харин Шинэчлэлийн Засгийн газар жилийн найман хувийн хүүтэй зээл олгох журам гаргаад баталчихлаа. Зургаан хувиас арай их ч банкны жилийн 16-20 хувийн хүүний дэргэд дэндүү таатай нөхцөл.

Дээрээс нь эдийн засгийн таатай үзүүлэлт гарч ирвэл хүү буурч долоо болох боломжтой гэж байгаа. Энэ ч бас сайн хэрэг. Нөгөө талаар зээл авч байгаа иргэн зөвхөн бэлэн болсон орон сууц л худалдаж авах боломжтой юм. Бүр хуучин байр ч авч болно. Үндсэндээ хэзээ дуусах нь мэдэгдэхгүй барилгад хөр өнгө оруулалт хийх биш, бэлэн болсон орон сууцнаас сонголтоо хийнэ гэсэн үг. Цаашид энэ систем барилгын салбарт нэвтэрчих юм бол компаниуд тоонд биш чанарт анхаарч эхэлнэ гэсэн үг. Тэр утгаараа энэ журам сайн болсон гэж үнэлэгдэж байгаа юм. Дээрээс нь урт хугацааны хөтөлбөр байхаар баталж байгаа гэдгээрээ илүү онцлог. Зургаан хувийн хүүтэй зээлийг зөвхөн сонгуульд зориулагдсан байсан гэж учир мэдэх, мэдэхгүй нөхдүүд дүгнээд байгаа. Магадгүй тийм ч байж болох.

Харин найман хувийн зээлийг нь энэ жил, хойтон, 10 жилийн дараа ч хэрэгжүүлэх юм. Мөн гэр бүлийн хоёр хүн, аав, хүү хоёр нийлээд ч зээл авчих боломжтой. Жишээлбэл, хүүгээ өрх тусгаарлах гэж байгаа эцэг хүн хүүхэдтэйгээ хамтраад зээл авч болно л гэсэн үг. Зээлээ дараа нь байр авсан хүн нь төлөөд явчихна. Гол нь банкны тавьж байгаа орлогын шалгуурт хүрэхийн тулд хүүдээ тусалж болно гэсэн үг. Бас нэг таатай зүйлийг дурьдахгүй өнгөрч болохг үй. Тэр бол ам.метрийн хэмжээг өндөр тавьж өгсөн явдал.

Хэрвээ та орлого сайтай, урьдчилгаатай бол 80 хүртэлх ам.метр талбайтай байр авч болно. Хуучин зургаан хувийн хүүтэй зээл олгож эхлэх үед 50 хүртэл ам.метртэй байр авч болно гэсэн хязгаар тавьж байсан. Ард түмэндээ маш бага боломж олгосон гээд тодорхойлчиход болохгүй юмг үй. Харин энэ удаад 80 хүртэл тавьж өгсөн нь томхон талбайтай байранд, тохилог амьдрах хүсэлтэй хүмүүст боломж олгосон хэрэг боллоо. Энэ мэтээр таатай боломжууд өнд өртэй, элдэв шаардлага багатай журам гарсан. Их хүлээлт үүсгэсэн найман хувийн хүүтэй зээлийн журам ямар ч байсан гарчихлаа. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар урьдчилгаа төлбөрөө бэлтгэчихсэн, худалдаж авах орон сууцаа сонгочихсон бол бараг л энэ сард зээл авч болно гээд байгаа.

Өөрөөр хэлбэл, 30 хувийн урьдчилгаатай бол байрныхаа зээлийг авч болон гэсэн үг. Тэгэхээр журам гарч, зээл өгөхийг тэсэн ядан хүлээж байсан хүмүүст баяртай мэдээ байх нь гарцаагүй. Гэхдээ нэг зүйл байгаа нь хэдийгээр журам гарсан ч дахиад л банкин дээр очоод бага дунд орлоготой иргэд үгээ хэлээд буцах болчихоод байгаа юм. Байр худалдаж авахдаа 10- 30 хувийн урьдчилгаа төлнө гээд журамлачихсан. Банк мэдээж 30 хувийн л урьдчилгаа шаардаж таарна. 10 хувиар өгөх нэг ч банк байхгүй нь тодорхой. Дээрээс нь орлогын хэмжээ, энэ тэрийг банк л зохицуулна гэсэн. Яамнаас тэр асуудалд оролцохгүй юм билээ.

Мэдээж арилжааны банкны асуудалд яам оролцох боломж хязгаарлагдмал байх нь мэдээж. Тэгэхээр өнөө бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах гэдэг асуудал үндсэндээ хоёрдугаарт тавигдчихаад байна. Сардаа сая гаруй төгрөгийн орлого олдог, тогтсон ажилтай гэр бүл байлаа гэж бодъё. Гэтэл өнөөдөр аль ч хувийн байгууллага чин үнэнчээр нийгмийн даатгал, татвар төлдөггүй. 500 мянган төгрөгийн үндсэн цалинтай хүн байлаа гэхэд 300-гаар л татвар төлж байх жишээтэй. Компанийн барьж байгаа бодлого тийм болохоор яах ч арга байхгүй. Энэ тохиолдолд тухайн гэр бүлийн орлогын хэмжээ банкны шаардаж байгаад хүрэхгүй. Яах вэ, журамд зээлийн эргэн төлөлтийн хэмжээ тухайн айлын сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байгаа л даа.

Гэхдээ л сардаа саяас дээш орлоготой байх шаардлагатай болчихоод байна. Гэтэл дундаж орлоготой өрх үнэндээ сардаа саяас хэтэрсэн орлого олж чадаж байгаа бил үү. Үндсэн цалин нь нийлээд сая гаруй болдог, гар дээрээ цэвэр сая төгрөг авч байгаа айл хэд байгаа юм бол. Тийм байлаа ч сайндаа л 20-25 ам.метртэй таван ханатай гэрээс томгүй умгар өрөө л авч болно. Ёстой нөгөө байранд амьдрах нь нэгэн насны мөрөөдөл нь болсон хүмүүс л авах байх. Тэгэхгүй бол 4-5 ам бүлтэй айл багтахг үй шүү дээ.

Асуудал ийм байгаа учраас банкны шалгуур, олон шаардлагаас иргэдээ бага ч болов чөлөөлөх тал дээр Засгийн газар, салбар яамнаас жаахан анхаарч өгөх шаардлагатай байна. Уг нь цаашид 30 хувийн урьдчилгаа өгч чадахгүй ч гэсэн орлого нь боломжийн залуу гэр бүл байвал Засгийн газраас үлдсэн 20 хувийг нь өгөх зорилготой журам гаргана л гэж байна билээ.

Гэхдээ л банкны асуудалд жаахан ч болов оролцохгүй бол бага битгий хэл дунд орлоготой хүмүүс нь боломжийн зай талбайтай байранд орох боломж хомс байна шүү.

Н.Пунцагболд

Эх сурвалж:Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих