“Хууль батлагдвал бөхчүүд цолоо нөхөж авна”

imagesУИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Б.Болор, Н.Батцэрэг нарын гишүүд Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ.

Энэ тухай гишүүн Н.Батцэрэгээс тодрууллаа.

-Хуульд ямар өөрчлөлт орох юм бэ?
- Энэ төсөл нь зөвхөн үзүүрлэсэн болон түрүүлсэн бөхөд олгох цолыг өөрчлөх тухай юм. Тодруулбал, 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгоно.

Хэрэв 10 давж түрүүлвэл улсын даян аварга цол олгоно. Мөн наадамд найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан цол олгоно. Арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор заасан байгаа. Одоо үйлчилж хуулиар бол дөрвөөс дээш түрүүлж байж дархан аварга болж байгаа. Тэгвэл нэмэлт өөрчлөлт орсноор гурав түрүүлсэн бөх дархан аварга болох боломжтой болно. Өөрчлөх болсон өөр нэг шалтгаан гэвэл Монгол бөх нь хэдэн мянган жилээр түүхэн уламжлалаа хадгалан ирсэн том өв соёл.

Гэхдээ энэхүү соёлоо бас орчин үетэй хослуулах шаардлага байна. Дэлхийн бусад орнууд үндэсний спортоо орчин үед нь тохируулан өөрчилсөн байна. Спортод чансааны үнэлгээ гол үзүүлэлт болдог болсныг анхаарах цаг болсон. Иймд олон удаа үзүүрлэсэн бөхөд аварга цол олгох зайлшгүй шаардлагын улмаас төслийг боловсрууллаа.

-Түрүүлдэггүй атлаа олон жил үзүүр, түрүүнд барилдсан бөхчүүдэд зориулагдсан юм уу?

- Үндсэндээ тийм. Энэ хууль батлагдвал олон бөхөд амжилтаа ахиулах сэтгэл төрөх учиртай. Өөрөөр хэлбэл, арслан цол аваад ханасан цаашаа явахгүй нь гээд өөрийгөө дайчлахаа больдог. Одоо бол нас нь залуухан өндөр цолтой бөхчүүд өрсөлдөөнөөс хойш суудаг. Яахав, өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдийг хүнд даваанаас мултлах хүн чанарын асуудал бол байж болно. Гэхдээ үүнээс илүүтэй тухайн хүнээ шууд цолонд хүргэхийн тулд найраа хийх нь бий гэдэг шүү дээ.

-Хэрэв хуульд өөрчлөлт орвол олон жил тогтвортой сайн барилдсан үзүүрт тунаад үлддэг арслангууд цолоо авах уу?
- Цол гарч түүнийг нөхөж өгөх нь практикт бий. Тухайлбал, улсын гарьд, харцага цолыг авах ёстой хүмүүст нь нөхөж өгсөн байдаг. Тэр утгаар нөхөж өгөх байх.

-Хуулийн төслийг Монголын бөхийн холбоо болоод бөхчүүд шүүмжилж байна. Мэргэжлийн холбогдох хүмүүсээс нь санал авсан уу?
- Гончигоо гишүүн надад мэргэжлийн хүнээс санал дүгнэлтийг нь авсан гэж хэлсэн. Тэгэхээр авсан гэж ойлгож байна.

-Төсөл наадмаас өмнө батлагдах уу?
- Уг нь батлавал сайн байна. Ирэх долоо хоногоос чуулган завсарлахаар байнгын хороодоор хэлэлцүүлэх төлөвтэй. Тэгээд наадмаас өмнө чуулганаар хэлэлцэх талаас нь ажиллана.

Д.Болор /ЗУУНЫ МЭДЭЭ /


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих