Сайд Н.Удвал: “Нэргүйд цохов”
-ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Нэргүй нь сайдын хамаатан-
Шинэчлэлийн Засгийн газар бүтцээ зурахдаа Худалдан авах ажиллагааны газар гэдэг шинэ агентлаг байгуулаад түүнийгээ Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд өгсөн. Тендер гэдэг угаасаа авлига хээл хахууль дагуулдаг гээд араасаа сүүдэр ихтэй. Чухамхүү ийм болохоор нь л Н.Алтанхуяг өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд биш Д.Тэрбишдагвын мэдэлд өгсөн гэж зарим хүн тайлбарладаг юм билээ. Тендер хариуцсан шинэ агентлагтай болсон болохоор яам болгон дээр тарчихсан байсан төсвийн мөнгөөр тендер зарлаж хийдэг ажлууд бүгд ийшээ цуглажээ. Харин байшингийн дээвэр засах гэх мэт бас өнгөрсөн оноос үлдсэн гэх мэт ганц нэг тендер л яамд дээр үлдсэн байна. Гэтэл яамдын хийх ёстой ажлыг зарим сайд ёстой бантан болгож, яаман дээрээ хийх ёстой ажлыг нь будаа болгож байгаа гэнэ. Тодруулбал, Н.Удвал сайд.
Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сард яамныхаа Барилга захиалагчийн албыг татан буулгажээ. Бүтцийн өөрчлөлт нэрээр хийсэн энэ ажил нь цэгцрэхгүй, дахин байгуулагдахгүй гурван сар болжээ. Энэ хооронд Худалдан авах ажиллагааны газраас бас Сангийн яамнаас Эрүүл мэндийн яаманд олон бичиг иржээ. Утга нь яаман дээрээ хийх ёстой цөөхөн хэдхэн тендерээ хуулийн хугацаанд нь хийгээч гэдэг шаардлага. Эрүүл мэндийн яам энэ ажлаа хийх гэхээр сайд нь тушаал гаргаад Барилга захиалагчийн газраа татан буулгаад хаячихсан тул яах ч аргагүй гацаанд оржээ. Барилга захиалагчийн алба гэдэг зураг төслөөс эхлээд хамаг юмыг хийж үнэлэлт дүгнэлт гаргах үүрэгтэй гол газар нь. Татан буугдсан газрыг шинэ бүтэц зохион байгуулалттайгаар гаргаж ирэх гэсэн Н.Удвал сайдын ажил гурван сар гаруйн дараа буюу энэ оны гуравдугаар сарын 5-нд нэг юм дуусчээ. Ингэхдээ Барилга захиалагчийн албаны даргаар Нэргүй гэдэг хүн томилогдсноор нэг юм өндөрлөсөн байна.
Энэ томилгоог дагаад бас сайдын хамаатнаа ажилд авсан юм байна лээ гэдэг явган яриа ч яамаар нь нэг тарсан аж. 5-нд ажлаа эхэлж байгаа шинэчлэгдсэн Барилга захиалагчийн алба яаж гуравдугаар сарын 15 гэхэд тендер зарлахад шаардлагатай үнэлэлт дүгнэлтүүдийг гаргаж ирж чадах вэ дээ. Барилга байшингийн зураг төсөл, төсөвтэй холбоотой ажил гэдэг талхны гурилны чихэр давсыг тааруулахаас арай л өөр ажил тул 10 хоногийн дотор яаж амжихав. Ийм хугацаанд амжуулж хийсэн гэвэл “улаан халтуур” гэдэг нь ойлгомжтой биз дээ. Энэ мэт шалтгааны улмаас Эрүүл мэндийн яамны өөрсдөө зарлаж явуулах тендер саатсаар арайхийн Дарханы хүүхдийн эмнэлэгтэй холбоотой тендер нэг юм бэлэн болоодохож. Гэтэл Н.Удвал сайд бичиг бичээд сайдын явуулсан албан тоотын дагуу бас хойшлуулчихжээ. Сонирхолтой нь ингэж сайдаас өөрөөс нь шууд шалтгаалсан асуудлуудаа мань хүн өөрөө тун амархан мартчихдаг бололтой. За даа тэгээд мартана гэдэг маниас өмнө байсан гэдэг үгтэй. Гэхдээ бас санаатай мартана, санамсаргүй мартана гээд дотор нь ялгаа зааг их бий гээд цааш хадуурч болох л доо. Удвал сайдынх алинд нь орохыг яаж мэдэхэв. Ямар ч гэсэн сайд өөрөө шийдвэр гаргаж барилга захиалагчийн албаа татан буулгаж гурван сар болчихоод түүнээс нь улбаалан яаманд хийгдэх асуудлууд хүлээгдээд байгаа гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр явахынхаа өмнөхөн яаман дээрээ сайдын зөвлөлийн хурал хийхдээ л лав таг мартсан байжээ. Тодруулбал, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажил нэгээс бусад нь огт яваагүй.
Зогсоочихсон. Бүгдийг нь дураараа зарлачихсан” гэх мэтээр өмнөх нь арынхаа үгийг үгүйсгэсэн юм ярьж, үнэлгээний хороондоо лообийны улс оруулсан гэж шүүмжилжээ. Бидэнд олдсон баримтаас бол барилга байшин, хөрөнгө оруулалт гэсэн асуудлаар яаманд ирсэн бичгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал шууд Барилга захиалагчийн албаны дарга Нэргүйд хэмээн цохсон байх аж. Сангийн яамны учир мэдэх хүнээс ингэж болох эсэхийг лавлаж асуувал “Барилга захиалагчийн алба гэдэг аж ахуйн тооцон дээр ажиллаж байгаа төсвийн бус газар, тиймээс төсвийн мөнгөтэй холбоотой асуудлыг энэ газар шууд шийднэ гэж байхгүй” гэдэг хариулт өгч байна.
Тэгэхээр албан бичиг цохож байгаа нь ч, цохуулаад тэр дагуу асуудал шийднэ гээд явж байгаа нь ч тэр аль аль талдаа яам тамгын газар мөрдөж байгаа бичиг хэргийн хийгээд санхүүгийн дүрэм журамд нэг л харшлаад байгаа нь харагдаад байх юм. Санхүүжилт шийдэх, төсвийн тухай гэх мэт утгатай бичгүүдийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал өөрийн хамаатан Барилга захиалагчийн албаны даргаараа судлаж, өөртөө танилцуул гэж цохоод байгаагийн цаана ашиг сонирхлын ямар зөрчил байна вэ. Сүүлд нь ямар нэгэн асуудал үүслээ гэхэд цохож өгсөн сайд хариуцлага хүлээх үү, эсвэл өөртөө хамааралгүй асуудал руу “сайд цохсон” гэдгээр хошуу, хуруу дүрсэн Нэргүй дарга хүлээх үү гэдэг ч бас асуултын тэмдэг дагуулна. Ямар ч гэсэн Эрүүл мэндийн яаманд энэ барилга захиалагчийн албатай холбоотой хэвийн биш, тодорхойгүй байдал хэдэн сар үргэлжилсэн нь шинэ бүтэцтэй болоод зүгээр болоогүй хууль дүрэм журам зөрчсөн хэвээрээ л байгаа гэдгийг сайдын цохолт бүхий бичгүүд харуулна.
URL: