“Хүүхэд бүрт цэцэрлэгийн мөнгө төсөвлөнө”

burmaa-songuuli-middleЗалуу гэр бүлийнхний өмнө тулгамдаж байгаа асуудлуудын нэг нь яах аргагүй хүүхэд харах байдаг. Хэн нэг нь хүүхдээ харж гэртээ сууснаас санхүүгийн бэрхшээлд ордог.

Энэ бүх байдлыг УИХ дахь эмэгтэй гишүүд олж харан цэцэрлэгийн асуудлыг шийдэх, хүүхдээ харж байгаа эцэг эхэд улсаас тэтгэмж олгох хуулийн төслийг санаачилж байгаа юм байна. Тус хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас тодруулга авлаа.

-Эмэгтэй гишүүдийн зүгээс залуу ээжүүдийг дэмжих хуулийн төсөл санаачилж байгаа гэсэн. Үүнд хүүхдээ хоёр нас хүртэл нь харвал цалин авна гэж байгаа. Энэ талаар тодруулаач?
-Хүүхдээ хоёр нас хүртэл нь өөрөө асарвал төрөөс тэтгэмж олгодог больё гэж ярьж байгаа. Магадгүй тухайн гэр бүлийн эмэгтэй нь илүү цалин орлоготой байж болно. Тэгвэл аав нь хүүхдээ хараад гэртээ байх боломжтой. Эсвэл цэцэрлэг, яслид өгөөд ажлаа хийдэг байж болно. Энэ боломжуудыг залуу гэр бүлийнхэн өөрсдөө сонгох эрхтэй.

-Аав нь гэртээ хүүхдээ харвал тэтгэмжид хамрагдах уу?
-Тиймээ. Зөвхөн ээжид гэж тусгаагүй. Аав хүн бас хүүхдээ харвал тэтгэмж авах нь чухал.

-Энэ байдлаас болоод албан байгууллагууд эмэгтэй хүнийг ажилд авахгүй гэсэн сөрөг үр дагавар гарах магадлал өндөр биш үү?
-Тиймээс л бид зөвхөн ээж нарт гэлгүй, аавыг нь оруулж өгсөн юм. Аав нь ч, ээж нь ч тэр аль аль нь чөлөө авах боломжийг хангаж өгч байгаа. Тэгэхгүй бол зөвхөн ээж нь чөлөө авна гэх юм бол сөрөг үр дагавар гарна. Энэ бүсгүй хүүхэд гаргах насны юм байна. Хүүхэд дараалж гаргаад чөлөө аваад ажил хийхгүй юм байна гэсэн ойлголт төрж магадг үй. Тиймээс л аав нь хүүхдээ гэртээ харж болно. Эсвэл заавал хүүхдээ хоёр нас хүртэл гэртээ хараад суулгүй, цэцэрлэг яслид хүүхдийг хамруулах хүрээ нь их байх боломжийг бий болгохыг зорьж байгаа.

-Цэцэрлэг яслид хамруулах хүрээг яаж өргөж үүлэх вэ. Цэцэрлэг ховор байдгаас болоод тэр бүр хүүхдээ улсын цэцэрлэгт оруулж чаддаггүй шүү дээ?
-Өнөөдөр хүүхдээ оруулж чадах л юм бол улсын цэцэрлэгт хамруулдаг болчихжээ. Гэтэл улсын цэцэрлэг тоотой цөөхөн байдаг. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй маш олон хүүхэд байдаг. Энэ нь эргээд ялгаварлалыг бий болгож байгаа юм. Тиймээс найз нөхөд, хамт олноороо нийлээд гэр цэцэрлэг байгуулж болно. Албан байгууллагууд ч ажилчдынхаа хүүхдийн цэцэрлэгийг бий болгож болно.

Залуу гэр бүлээ ажилтай орлоготой байхад нь дэмжье гэвэл төрийн зүгээс олон боломжийг бий болгох хэрэгтэй. Тиймээс цэцэрлэгт зориулсан мөнгийг албан байгууллагынх нь юм уу, хамтран байгуулсан гэр цэцэрлэгт олгох талаар эмэгтэй гишүүд санаачлаад ажиллаж байна.

-Таваас дээш хүүхэд асарч байгаа хүний ажлыг баталгаажуулж улсаас урамшуулна гэж байгаа юм уу?

-Тиймээ. Нэг хүүхдэд оногдож байгаа цэцэрлэг яслийн мөнгийг нийлүүлээд таваас дээш хүүхэд харж байгаа тэр хүнд олгоно гэж байгаа. Гэхдээ шаардлага стандарт байх ёстой. Түүнээс биш хүүхдүүдийг харсан нэртэй мөнгийг аваад, хүүхдүүдийг хоолтой хоолгүй байлгаж болохгүй шүү дээ. Ер нь аль аль талыг харсан цогц бодлогын төлөө бид явж байна.

-Сүүлийн үед цэцэрлэгийн багш хүүхэд зодож байна гэх мэт олон асуудал гарч байгаа. Энэ бүхнээс үүдээд гэр цэцэрлэгийн багшид хүүхдээ хир итгэж үлдээх бол. Судалгаа хийж үзсэн үү?
-Энэ бол маш чухал асуудал. Хүүхэд бол тийм байна, ийм байна гэж гомдол гаргах чадваргүй шүү дээ. Тийм учраас бид шалгуур нөхцлийг нарийн сайн тавьж байгаа юм. Эцэг эхэд нь хэрэв тэр хүн ямар нэг байдлаар хангалтгүй санагдвал тэр хүнд мөнгийг өгөхгүй байж болно. Тэгэхээр эцэг эхийн өөрсдийнх нь давхар хяналт чухал. Мөн дээрээс нь мэргэжлийн байгууллагынхны хяналт байна.

Хүүхдэд илчлэг тэжээл сайтай хоол хүнс идүүлж байна уу гэх мэтээр хяналт тавигдана. Харин гэр цэцэрлэгийн хувьд айхтар сургалт боловсрол олгоод байхгүй, гол нь л хүүхдийг эрүүл цэвэрхэн орчинд байлгах хэрэгтэй гэж тусгаж байгаа. Энэ талаар мэргэжлийн хүмүүсийн саналыг авна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор санал хүсэлтийг авч, цуврал хэлэлц үүлгүүдийг зохион байгуулах болно.

-Мэргэжлийн хүмүүсийн саналыг авч байгаа гэж байна. Иргэдийн буюу эцэг эхчүүдийн санал, хүсэлтийг авч байгаа юу?
-Авч байгаа. Бид ийм бодлого баримталж байна. Үүнд иргэдийн нарийвчилсан санал хүсэлтээ илэрхийлэх нь нээлттэй байгаа шүү гэж хэлье. Ялангуяа хүүхдээ хараад гэртээ байгаа ээж нар ингэх нь сайн талтай, ингэвэл сөрөг муу үр дагавартай гээд саналаа хэлэх нь чухал. Аль болох олон санал ирвэл сайн байна. Тэгээд ирж байгаа санал хүсэлтүүдийг хараад, дээр нь мэргэжлийн байгууллагынхны зөвлөгөөг авч байгаад энэ хуулийн төсөл дээр ажиллана.

-Цэцэрлэг сургуулийн өмн өх боловсролыг олгодог. Гэр цэцэрлэгийн багшид тавих шалгуураар заавал багш боловсролтой хүн байх ёстой гэх мэтээр зааж байгаа юу?
-Ямар түвшнийх дээр нь сургуулийн өмнөх боловсролыг олгодог байх уу гэдэг дээр ялгамаар байгаа юм. Түүнээс биш цэцэрлэг болгон боловсрол олгоно гэдэг бүтэхгүй. Угаасаа ч тийм шаардлага тавьдгийг буруу байх гэж бодож байгаа. Цэцэрлэг бүр гол зорилтоо сургуулийн өмнөх боловсролыг тавиад байна гэлгүй тэр хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадварыг бий болгох хэрэгтэй. Тоглоомоор тоголдог, найз хамт олонтойгоо эвтэй байдаг, өөрийн санаа бодлоо илэрхийлэх, эрүүл өсч торних нь гол чухал шүү дээ. Түүнээс биш сургууль боловсрол олгох гэдэг асуудлыг айхтар тавиад байх нь хэр зохистойг бодох ёстой.

-Хүүхэд бүрт улсаас мөнгө төсөвлөх юм байна гэж ойлгож болох уу?

-Бүх хүүхдэд цэцэрлэг, яслийн мөнгө гэж гаргая гэж байгаа. Тэгвэл эцэг эх нь сонголтоо хийгээд улсын, хувийн, аль эсвэл байгууллагынхаа цэцэрлэгт ч өгч болно.

Г.Хишигсүрэн

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих