Эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв
Швейцарийн холбооны улсын Засгийн газрын санхүүжилтээр, Швейцарийн мэс засалчдын баг, Швейцарийн Базелийн их сургууль, ЭМЯ болон ЭМШУИС хамтран 2008-2013 онд хэрэгжүүлсэн МонТелНэт төслийн хүрээнд зайн оношлогоо, сургалтын иж бүрдэл тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр ЭМЯ-нд хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болов.
Уг ёслолд тус яамны дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид, Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол улс дахь суурин төлөөлөгч, ерөнхий консул Феликс Феллманн, Швейцарийн мэс засалчдын багийн ахлагч доктор Бит Керэр болон төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцов. Дэд сайд Ж.Амарсанаа уг төсөл хэрэгжсэнээр эх барих эмэгтэйчүүд, мэс засал, эмгэг судлал, дүрс оношлогоо, нярай, хавдар зэрэг нарийн мэргэжлийн зайн оношлогоо, зөвлөгөө, сургалтыг явуулах цогц боломжийг бүрдүүлж, орон нутагт эх нялхсын эндэгдлийн бууралт, мэс заслын эмгэг судлалын оношлогооны чадамжийг нэмэгдүүлэх, хавдрын эрт илрүүлэг, нярайн төрөлхийн түнхний мултралыг эрт илрүүлж эмчлэх зэрэг томоохон дэвшлийг эрүүл мэндийн салбарт бий болгосонд талархалтай байгаагаа илэрхийлэв. Мөн телемедициний сүлжээгээ өргөтгөх, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төслийг үргэлжүүлэн хэрэгжүүлэхийг эрмэлзэж, Швейцарийн хөгжлийн агентлагтай цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж найдаж байгаагаа хэлэв. Ерөнхий консул Феликс Феллманн, Швейцарийн мэс засалчдын багийн ахлагч Др.Бит Керэр нар төслийн ач холбогдол, үр дүн өндөр байгаад болон ЭМЯ-тай нягт хамтын ажиллагаатай байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
/Монцамэ/
URL: