ИШ – Ш … МИНИЙ ХҮҮ … ЧИНЬ!

images.jpg05055Би айлын бага хүү. Бага эгч минь надаас 4 эгч, бага ах минь гэхэд л надаас 6 ах, тэгээд л 8 ах, 10 ах, 13 эгч, 14 ах гээд л явж өгнө дөө. Ах нар маань наддаа ер нь л томорно. Цэрэгт оны ялгаа гэж байдаг шиг л. Аль багын л, “Батбаяр аа, хайч аваад ир!” гэнэ. 6-хан настай би: “Хайч хаана байгаа юм?” гэнэ ээ, урдаас нь. “Хаа байгаа газраас нь олоод ир, чи!” гэх жишээний. За тэгээд л “энэ  бүтэл муут”, “өнөөх донгио”, “манай маанаг” гэх мэтийн үгэнд булуулж өсөө юү дээ. Ээж минь харин их зөөлөн хүн байсан. Ээжтэйгээ би их дотно өссөн. Нэг өдөр, ямар ч гэсэн гадаа гарч тоглодог минь багассан байсныг бодоход 9-10-р ангид байсан сан уу, хамаг л юмаа ярьдаг дотно ээждээ нэг зүйлийг ярьж билээ. Яг юу билээ, одоо мартжээ, ямар ч байсан нэг зүйлийг (ажлыг) би нэг хүн-д дамжуулах учиртай, тэгээд дундаас нь “коко авах” санаатайгаа хэллээ.

 

-        Тэгвэл би тэр (цаад) хүн-д бас их сайн хүн болж харагдах гээд байгаа юм (тэр хүн-д би бас тус болсон болчих гээд байгаа юм ч билүү) гэж ирээд л ярьтал ээж минь:

-        Иш-ш, миний хүү гэсэн сэн. Өөр олон юм хэлээгүй. Гэвч би ойлгосон. Бүр насан туршдаа ойлгож авсан. Өөрөө хийгээгүй байж дундаас нь “кокодох” гэдэг бол муухай зан, өөдгүй муу эрийн шинж юм байна гэж!

1995 онд 39-тэй Баги хүү Лондонд 11 сар суугаад ирэв ээ. Тэр жил хүрэхгүй хугацаанд хөөрхий ээж минь их өтөлжээ. Ширээний араас дөнгөж босоод хэдхэн алхаад диван дээр очоод суучих юм. Бас хэдхэн алхаад гал зуухандаа ороод суугаад өгөх юм…  Би Лондонгоо яриад л. “А-я-я Лондон … Лондонд бол …” гээд л. Хар бор ажил хийж явснаа ч ярина. Шувт алхаж мөнгөө хэмнэдэг байснаа ч ярина. “Манай Улаанбаатар чинь жоохон хот юм байна ш дээ. Манай гэрээс микро, эсвэл 120 хүртэл алхах чинь ёстой юу ч биш! Лондонд бол би чинь ёстой …” гээд л. Тэгсэн нэг өдөр нэг ах минь манайд ирээд байж байтлаа бас л өнөөх “багын зангаараа”: “Манай энэ маанаг …” гэж байна шүү. Гэтэл ээж минь:  - Үгүй ээ! Миний хүү чинь! гэж тас цохиж билээ. Бас л олон үг хэлээгүй. Гэхдээ би сайн ойлгосон. Их ч урамшсан. Өнөөдрийн өдрийг хүртэл амьдралд минь аливаа бэрх зүйл тохиоход би ээжийнхээ энэ үгийг санаж тэр бэрхийг давдаг даа.

Тэнгэрт халихаасаа өмнөхөн:

-        Миний хүү, ээжийгээ унаад өгөхөөр тэр сайхан газар руугаа, тэр Баруун руугаа яваад өгөөрэй! гэж билээ.

Би өдгөө энэ харь газар, энэ Баруунд 15-дахь жилдээ сууж байна. Хөөрхий ээж минь муу хүүгээ зөнгөөрөө мэдээ юү дээ. Дээхэн үеийн “коммун” хүмүүжилтэй хүн болохоороо би өдийд аягүй бол өөрийгөө их буруутгаж, гэмшиж явж мэдэх л юм. Улс Эх Орныхоо хөгжилд хувь нэмэр ч үгүй, харь газар гагц амин хувиа бодоод … гэхчлэн. Хуцав аа, одоо бол би ээжийнхээ гэрээсийг биелүүлж яваа сайн хүү! Ээж минь дээ, Та Дээд Тэнгэрийн орноос хүүгээ хараад “Миний хүү чинь!” гэж суугаа байх даа. Таныхаа яг л энэ сэтгэлийг хоёр хүүдээ суулгаж өгчихөөд, “Миний хүү чинь!” гэж хүүхдүүдээрээ бахархаж явах сан даа. Хүү нь үүнийг хийнэ ээ, хүү нь чадна. Сайн ээжийн хүү юм чинь.

http://dayarmongol.com/index.php/2010-02-09-04-54-30/8140-%D0%B7%D0%B0%D1%85%D0%B8%D0%B4%D0%B0%D0%BB-3,-4


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих