Д.Дагвадорж: Их удаан бодож энэ шийдвэрийг гаргасан

Д.Дагвадорж: Их удаан бодож энэ шийдвэрийг гаргасан

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн суртачилгаа эхэлсэн үйл явдалтай давхцан нэгэн “содон” үйл явдал болсон нь Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Ардчилсан намд элссэн мэдээлэл байлаа.

Тэрбээр өчигдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нараас намын үнэмлэхээ гардаж авсан юм. Түүний хувьд анх Хан-Уул дүүргийн Ардчилсан намд намд элсэх хүсэлтээ гаргасан байна.

Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Таны хувьд хоёр хоногийн өмнө “Нэгдүгээрт би нам бус, хоёрдугаарт би улс төрөөс ангид” хэмээн жиргэсэн. Гэтэл өнөөдөр АН-ын гишүүнээр элсч үнэмлэхээ гардан авлаа. Яагаад ийм сонголт хийх болов?
-Би их удаан бодсон. Миний хувьд 16 настайгаас 29 хүртлээ Японд байсан. Тухайн үед Монголын улстөрч болон олон намын нөхдүүдтэй анд нөхөд болсон. Гэхдээ надад боломж олдоогүй. Миний хувьд сүмо бөхөөс зодог тайлсан гэдгээрээ онцлог. Түүнтэй адил өнөөдрийн энэ сонголтыг хийж, намд элсч байгаа нь ч миний амьдралын түүхэн үйл явдал болж байна.

-Өнөөдөр /өчигдөр/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор сурталчилгаагаа эхлүүллээ. Энэ үйл явдалтай зэрэгцэн АН-д элслээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэсэн үг үү?

-Надад манай намд элсээч гэсэн саналыг их олон хүн тавьж байсан. Ер нь 22 настайгаас эхлээд бүх л улс төрийн хүчнээс ийм санал сонссон. Тухайн үед би бүгдийг нь дэмждэг байсан. Харин өнөөдрийн хувьд би түүхэн сонголт хийлээ гэдгээрээ онцлог байна.

Юм гэдэг цаг цагаараа байдаггүй. Тиймээс залуучууддаа нөмөр түшиг болж, тэднийхээ дуу хоолой болъё гэдэг утгаараа АН-ыг дэмжиж байгаа юм. Ингэж бодсоны үүднээс энэ намд элслээ гэж ойлгож болно.

-Ардчилсан нам юугаараа таны үзэл бодолтой нийлж байна вэ?
-Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Аливаад хаагдмал, баригдсан нийгэм биш, хэлэх ёстойгоо хэлдэг, түүнийг боомилдоггүй, хууль ёсонд захирагддаг байдал нь өөрөө ардчилал юм. Энэ дуу хоолойг дэлхий дахинд нээлттэй болгож өгсөн нь энэ намын гавьяа. Бидний үр хүүхдүүд хүртэл гадаад ертөнц, хорвоо дэлхийг таних нүд нь өөр болж байна шүү дээ. Энэ бүхэн юунаас эхлэлтэйг та бид бүгд мэдэж байгаа.

-Тэгэхээр энэ цагаас эхлэн таныг улс төрийн амьдралд орж байна гэж ойлгож болох уу?

-Миний хувьд ямар ч байсан АН-аа дэмжиж ажиллана. Өнөөдөр спортоор хичээллээд маргааш нь аварга болдоггүйтэй адил, улстөрч болоход олон даваа гүвээ бий байх. Миний хувьд бодсон зүйл, баримталдаг зарчим бий. Тэр дагуу өнөөдрийг хүртэл яваад намд элсч байна.

-Таны энэ сонголт олон хүний гайхшралыг төрүүллээ. Саяхан таны ах Д.Сумъяабазар МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Гэтэл та АН-ыг сонголоо?
-Бүх хүн энэ талаар сонирхож, асууж байгаа. Бидний хувьд нэг аав ээжээс зулайгаа гишгэж төрсөн нь үнэн. Гэхдээ хувь хүний үзэл бодолд хэмжээ, хязгаар гэж байхгүй. Тэр хүн юу бодож, хүсч байна, түүнийгээ дэмжих ёстой. Тиймээс миний ах МАН-ын гишүүн гээд би тус намыг дэмжинэ гэсэн ойлголт байхгүй.

-Магадгүй Д.Сумъяабазар гишүүн энэ намд элсэх болов уу?
-Тийм зүйл болохгүй байх аа. Миний ахын хувьд аливаад тууштай чиг барьдаг хүн. Бид хоёрыг ах дүү гэдэг үүднээс нэг утгаар ойлгож болох юм. Гэхдээ үзэл бодлын хувьд сонгох, сонгогдох эрх гэж байна. Эрх чөлөөт, ардчилсан нийгэмд заавал хамтатган үзэж болохгүй.

Э.Дулам


URL:

Сэтгэгдэл бичих