Я.Байгалмаа: Сэжигтэн хүүхдүүдийг уран цэцэн үгээр хуурдаг байсан

 

Нийслэлийн зургаан сургуулийн 5-7 дугаар ангийн охидыг хуурч гэртээ аваачин, хүчирхийлдэг байсан Баярсайхан гэгчийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст саатуулан шалгаж байгаа. Энэ хэргийн талаар Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийи газрын дарга Я.Байгалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийн эцэг эхтэй холбоо тогтоосон уу. Танай байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна вэ?
-Бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх нь буурахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд Нийслэлийн ерөнхий боловсролын зургаан сургуулийн 5-7 дугаар ангийн сурагчид бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Уг хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байгаа.
Манай байгууллагын зүгээс энэ хэргийн хохирогчдын эцэг эхтэй уулзсан. Нөхцөл байдлыг илүү тодруулахаар ажиллаж байна. Тиймээс энэ хэрэгтэй холбогдуулан хоёр мэргэжилтэнг томилон ажилуулж байгаа. Зөвхөн үүгээр ч зогсохгүй 8-9 насны охидыг орцонд нь хүчиндсэн хэрэг гарсан.
Тиймээс бидний хувьд ийм төрлийн хэрэгт мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран зөвлөгөө мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн нийслэлийн боловсролын салбарын удирдлагуудад хандан сурагчдыг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх хамгаалах талаар зөвлөмж гаргаж байна.
Гадаа дулаарсан, төгсөлтийн шалгалт хаяанд ирсэн үед сурагчид гэртээ харилгүй оройтох нь бий. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулмаар байна. Бусдад уруу татагдахаас өмнө хүүхэдтэйгээ юу болоод, яагаад байгааг нээлттэй ярилцдаг байх хэрэгтэй.
-Одоогоор хэдэн хүүхэд энэ хэргийн хохирогч болоод байна вэ? 
-Нэгтгэсэн тоо баримтыг тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ өнгөрсөн ням гаригт хүчирхийлэлд өртсөн таван хүүхдийн эцэг эхтэй уулзсан. Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтнүүд өчигдөр дахин энэ асуудлаар уулзсан байна.
Миний хувьд хэдэн хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэхээсээ илүүтэй хохирогч болсон хүүхдүүдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх, сэтгэл санаанд нь дэмжлэг үзүүлэх талаар анхаарал хандуулж байна.
-Сургуулийн охидыг хүчирхийлсэн этгээд хүүтэйгээ хамт байсан гэж үнэн үү?
-Сэжигтэн этгээд хүүхдүүдийг хичээл эхлэхээс нэг цагийн өмнө, тарснаас нэг цагийн дараа сургуулийн орчимд очиж, амьдрах ухааны хичээл заана хэмээн хуурч авч явдаг байсан.
Тиймээс бид эцэг эхчүүдийг охидоосоо яг юуны тухай хичээл заадаг байсныг нь тодруулахыг хүссэн. Ингэж асуухдаа мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран хүүхдэд сөрөг сэтгэгдэл үлдээхгүй яриулах талаар судалж байна. Хүүтэйгээ хамт байсан эсэхийг цагдаагийн байгууллага тодруулах байх.
-Сэжигтний талаар хүүхдүүд эцэг эхдээ юу гэж ярьсан бол?
-Сэжигтний гэрийнх нь гадаа унадаг дугуй, сагсны самбар зэрэг хүүхдийн сонирхол татахуйц зүйлс байсныг эцэг эхчүүд хэлж байсан. Түүнээс гадна хоол хүнсний бүтээгдэхүүн болон уран цэцэн үгсээр насанд хүрээгүй охидын толгойг эргүүлсэн.
Бэлгийн хүчирхийлэл ингэж хүрээгээ тэлснийг хүмүүсийн ухамсар доройтсоны илрэл гэж үзэж байгаа. Нөгөө талаар эцэг эхчүүд мэдээллийг нуулгүй хэлдэг болсон нь олон хэргүүдийг илчилж байна.
-Хэргийг хамгийн анх цагдаагийн газарт эцэг эхчүүд мэдээлсэн үү?
-Хүүхдээ хайж явсан эцэг эхчүүд сэжигтний гэрт очсон юм билээ. Тэгээд тэдний дунд үл ойлголцол үүсээд цагдаагийн байгууллагад хандсан. Мөрдөн байцаалтын явцад тухайн айлын хүүхдээс гадна өөр охидыг авчирдаг байсан нь илрээд сэжигтэнг баривчилсан юм билээ.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих