Дэлгүүрт зодоон хийсэн элчин сайд халагдлаа VIDEO
Эквадорын засгийн газар Перуд суудаг өөрийн элчин сайд Родриго Риофриог супермаркетад хоёр перу эмэгтэйн биед халдсан хэмээн буруутгаж ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасныг тус улсын Гадаад явдлын яамны эх сурвалжаар “Ройтерс” мэдээллээ.
Өмнө нь Кито өөрийн дипломат ажилтнаа зөвхөн биеэ хамгаалсан хэмээн үзэж халахаас татгалзаж байсан юм.
Дөрөвдүгээр сарын 21-нд болсон хэрэг явдлын дараа хоёр улс зөвлөлдөхөөр өөрсдийн элчингүүдээ эх оронд нь дуудан авчирчээ. Лима Риофриог халахыг шаардсан боловч Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреа хэрвээ хөрш нь Эквадорын элчин сайдад буцаж очихыг зөвшөөрөхгүй бол Перугийн элчинд мөн адил арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байсан юм.
Хэрэг явдал Перугийн нийслэл Лима хотын нэгэн супермаркетад болсон бөгөөд бүх үйл явц дэлгүүрийн ажиглалтын камерт бичигдэн үлджээ. Хожим нь энэ бичлэг телевизээр цацагдсан аж.
Риофрио болон түүний эхнэрийн оролцсон хэрүүл зодоон дипломат нутгийн хоёр эмэгтэйг дараалал дайран урдуур зүтгэхийг оролдлоо хэмээн буруушааснаас эхэлжээ. Хохирогч болоод байгаа перу эмэгтэйчүүд элчин сайдыг тэдэнд арьс өнгөөр ялгаварласан үг хэлсэн гэж мэдэгдсэн байна.
Дүрс бичлэг дээр хоёр эмэгтэйн нэг нь эхлээд дипломатыг цохиж, хариуг нь тэр сэтгүүлээр өгч байгаа нь тодорхой буужээ. Мөн маргаанд өөр хэд хэдэн эмэгтэй оролцож, Риофрио руу дайран үснээс зулгааж байгааг бичлэгээс харж болно.
Перу болон Эквадорын харилцаа удаан хугацааны турш хурцадмал байсан. XX зуунд хоёр тал Амазон мөрний сав дахь маргаантай газар нутгаас болж гурван ч удаа байлдаж байжээ. Хамгийн сүүлд 1995 онд зэвсэгт мөргөлдөөн болж, 1998 онд энхийн гэрээ байгуулан, хил хязгаараа эцэслэн тогтоосон юм.
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: