Ё.Отгонбаяр: Н.Алтанхуяг шиг хариуцлагагүй юм ярьдаг ерөнхий сайд өмнө нь байгаагүй
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.
-Ардын нам Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар завсарлага аваад байгаа. Ямар шалтгаанаар завсарлага авах болсноо тодруулахгүй юу?
-МАН Ерөнхий сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэл гаргасан. Тухайлбал, Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн. Энэ бол ноцтой асуудал. Мөн төрийн албан хаагчдыг олноор нь халж, сольсон нь нотлогдоод ирэхээр хууль зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон. Эдийн засгийн байдал өнгөрсөн онуудаас эрс муудлаа. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхгүй хэрнээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг барина гэж 700 гаруй тэрбум төгрөг үрчихээд байна. Тэгсэн хэрнээ бараа бүтээгдэхүүний үнэ улам л өссөөр байгаа. Энэ бүхэн Ерөнхий сайдтай хариуцлага тооцох шалтгаан мөн гэж бид үзсэн. Гэтэл асуудал хэлэлцэх явцад “Чингис” бондын мөнгөөр Монголбанк алт худалдаж авсан байж болзошгүй, мөн ашиг сонирхлын зөрчилтэй Ерөнхий сайдын ойрын хамаатан “Тавантолгой” компанид оролцож байх үндэслэлтэй гэх зэрэг мэдээлэл гарсан. Төрийн албан хаагчдыг халж, сольсон гэдэг асуудал хөндөгдөхөд Засгийн газрын зүгээс “Ийм асуудал байхгүй. Тоо нь зөрөөд байна” гэсэн . Тиймээс эдгээр асуудлыг шалгаж, нягтлах шаардлагатай учраас завсарлага авсан. УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.
-“Чингис” бондын мөнгөөр алт худалдаж авсан байж болзошгүй гэх үндэслэл үнэхээр бий юу?
-“Блүүмбэрг” телевизээр манай улсын алтны нөөц өнгөрсөн оны эцсээр эрс нэмэгдсэн талаар мэдээ гарсан. Тодруулбал, бондын хүүгийн алдагдлыг хүлээхгүйн тулд бондын хөрөнгөөр алт худалдаж авсан байх үндэслэлтэй гэх мэдээлэл гарсан юм. Тиймээс түүнийг шалгая гэж байгаа юм. Одоо алтны үнэ уначихсан. Хэрвээ бондын хөрөнгөөр алт худалдаж авсан бол маш их үнийн зөрүү гарна. Тэр нь манай улсын эдийн засагт хохирол дагуулж магадгүй гэж үзэж байгаа. Аль арваннэгдүгээр сард гаргачихсан бондын төлбөрт өнөөг хүртэл зүгээр л хүү төлөөд сууна гэдэг утгагүй. Манай улсын бүтээн байгуулалтын ажил хавар эхэлдэг шүү дээ. Ямар ч бэлэн төсөл байхгүй хэрнээ их хэмжээний зээл аваад асар их хүү төлж байгааг л шүүмжилж байгаа юм. Одоогийн байдлаар хүүгийн зардал 36 тэрбумаас хол давчихаад байна. Гэтэл Засгийн газар төсөвт дарамт үүсэхгүй ээ. Монголбанкинд менежментийг нь өгчихсөн гээд сууж байгаа. Засгийн газар, Монголбанкных ялгаагүй бүгд Монголын ард түмний хөрөнгө. Хамгийн гол нь аль халааснаас гарч байгаа нь чухал биш, үргүй зардал гараад байна гэдгийг л сануулж байна.
-Сангийн сайдын хэлж буйгаар тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан учраас зайлшгүй бонд гаргах шаардлагатай болсон гэж тайлбарласан?
- “Чингис” бондыг гаргах гэж зөвшөөрөл авахдаа шал өөр зүйл ярьж авсан шүү дээ. Хэрвээ үнэхээр тэгсэн бол УИХ-д худлаа ярьсан хэрэг мандана. Үнэхээр эдийн засгийн хүнд байдалд ороод мөнгөний хэрэгцээ гарлаа гэдэг асуудал тавьсан бол бид ойлгож хандана.
-Төрийн албан хаагчдыг ажлаас халсан тоо баримт зөрөөд байна гэсэн. Ардын намын хэлж буй үндэслэлийг Ерөнхий сайд хүлээж аваагүй. Үүнийг тодруулахгүй юу?
-Засгийн газар байгуулагдахын өмнө манай бүлгийн хуралд Н.Алтанхуяг оролцсон. Ингэхдээ “Би Ерөнхий сайд болоод яамдад нэг ч хүний орон тоо нэмэхгүйгээр ажиллуулна” гэж хэлсэн. Хэрвээ нэг л хүнээр нэмэгдэх юм бол би халагдана гэсэн. Уг нь Засгийн газар 11 яам 1017 албан хаагчтай байсан юм. Гэтэл наймдугаар сарын 29- ний Засгийн газрын тогтоолоор яамд 1600 гаруй албан хаагчтай байхаар батлагдсан. Үүнийг агентлагуудыг татан буулгаад тэр хүмүүс нь ороод ирчихсэн гээд байгаа юм. 2012 онд гаргасан Төрийн албаны зөвлөлийн төрийн албан хаагчдын дүн мэдээ болон 2013 онд гаргасан мэдээг харьцуулж үзсэн. Хэдийгээр агентлагуудын тоо хасагдсан боловч 100 гаруй хүний орон тоо нэмэгдсэн байсан. Ийм байхад тоо зөрөөд байна гэж улайм цайм гүрийгээд байх юм.
-Та өмнөх Засгийн газарт БСШУ-ы сайдаар ажилласан. Тухайн үейн орон тоо хэд байв. Одоогийнхтой харьцуулж үзсэн үү?
-Намайг БСШУ-ы сайдаар ажиллаж байхад Боловсролын яам 68 хүнтэй байсан. Соёл урлагийн хороо гэж манай харъяа агентлаг 20 хүнтэй. Ингээд 88 хүнтэй л үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Гэтэл Төрийн албан зөвлөлийн гаргасан мэдээгээр БСШУЯ 95 хүнтэй, Соёл, спорт, аялал жуулчлалын яам 78 хүнтэй ажиллаж байна. Тэгэхээр хаанаас нь ч харсан хүний тоо нэмэгдчихээд байгаа шүү дээ.
-МАН-аас гарган тавьж буй баримтууд үнэхээр Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болж чадах уу?
-Угаасаа Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Харин Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гараагүй гэдэг зүйл хэлж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн маргаан шийдвэрлэх хуулийн дагуу бол Цэц шийдвэр, дүгнэлт, магадлал гэсэн гурван хэлбэртэй шийдвэрээ гардаг. Тэгэхээр магадлалууд нь гарчихсан байхад “Би Үндсэн хууль зөрчөөгүй” гээд хэлээд сууж болохгүй л дээ. Ерөөс баригдаагүй бол хулгайч биш гэдэг зарчмаар л яваад байгаа хэрэг. Угаасаа АН-ын бүлэг Ерөнхий сайдаа хамгаалж авч үлдэх байх. Гол нь бид Засгийн газарт хуульгүй мэт данхайж явж болохгүй гэдгийг сануулж байгаагаараа ач холбогдолтой асуудал тавьж байгаа.
-АН-д ч гэсэн Засгийн газрыг огцруулах бодолтой хүмүүс мэр сэр байгаа юм билээ. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураахад нууцаар хураах боломжтой юу?
-Ил л хураах ёстой. Ерөөс өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Дэгийн тухай хуулиа зөрчсөн. Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьсан субьект нь заавал илтгэлээ тавьдаг. Тухайлбал, 2006 оны нэгдүгээр сард Ц.Элбэгдорж Ерөнхий сайдыг огцорч байхад тухайн үеийн Шадар сайд Ч.Улаан танилцуулга хийж байсан гэх жишээтэй. Энэ мэтчилэн өмнөх Засгийн газрыг огцруулах үйл явцыг хүн бүхэн л мэдэж байгаа. Гэтэл Байнгын хорооны тогтоол хэлэлцэж байгаа дэгээр яваад гурав гишүүн дэмжиж үг хэлнэ, мөн гурав нь эсэргүүцэж хэлнэ гээд явчихаж байгаа юм. Уг нь шөнөжингөө хуралдаад л бүгд үгээ хэлдэг шүү дээ. Тэгээд л сөрөг хүчин байр сууриа илэрхийлэх боломжгүй болчихож байгаа юм. Энэ бүхэнд бид дүгнэлт хийх л ёстой.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнгөрсөн Засгийн газрын шавар шавхайг хэрэндээ л цэвэрлэж байна” хэмээн олон удаа бухимдлаа илэрхийлсэн. Та тухайн үед хамтарч засаг барьж байсан хүний хувьд юу хэлэх вэ?
-Өнгөрсөн Засгийн газрын бүрэн эрхийн 90 хувьд нь Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайдаар ажилласан хүн шүү дээ. Гэтэл одоо тэс хөндлөн юм яриад байх юм. Түүний асуудал болгоод улстөржүүлээд байгаа эрүүл мэндийн салбар, МИАТ зэрэг бүгд АН-ын сайдын удирдлага дор байсан. Ийм байхад янз янзын улстөржсөн зүйл яриад байгаад үнэхээр гайхаж байна.
-Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулган дээр Д.Оюунхорол гишүүн” Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Өнөөдөр ийм зүйл ярих гэж Хамтарсан Засгийн газраас гарсан юм уу” гэж асуусан. Тийм ч гаргалгаа байж болох юм. Харин Та үүнтэй хэр санал нийлж байна?
-Ер нь сонгууль дөхлөө, бид сонгуулиа хийе. Та нар ажлаа хийж байгаарай гээд хаяад явсан шүү дээ. Үлдсэн зургаан сард нь бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хийж гүйцээхээр их л шахуу ажилласан. Гэтэл одоо ингээд улстөржөөд байгааг нь үнэхээр ойлгохгүй байна. Бид АН-ын Ерөнхий сайд учраас огцруулна гэж яриагүй. Энэ хүний гаргаж байгаа шийдвэр, үйлдэл нь хууль зөрчиж байна гэдгийг л хэлээд байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэдгийн Төрийн тэргүүн нь хэлээд байна. Энэ бүхэнд дүгнэлт хийгээсэй л гэж бодож байна.
-Ерөнхий сайдын хариуцлагагүй хэлсэн үгийг иргэд янз янзаар л тайлбарлаж ярьцгааж байна. Харин Та юу гэж бодож байна?
-Амнаас унасан үг болгоноор нь хөөцөлдөөд яахав. Гэхдээ Төрийн байгуулалтын байнгын хороонд асуудал хэлэлцэж байхад хариуцлагагүй үг гэдгээсээ илүү мэдлэггүй гэдгээ л харуулсан л даа. Өмнө нь хүмүүс хууль зөрчиж байсан учраас би зөрчиж болно л гээд байх шиг. Монгол Улсынхаа хууль зүйн тогтолцоог ч мэддэггүй л юм билээ.
-Ер нь өмнөх Ерөнхий сайдууд ийм хариуцлагагүй зүйл ярьж байсан удаа байхгүй байх шүү?
-Ийм хариуцлагагүй зүйл ярьдаг Ерөнхий сайд өмнө нь байгаагүй л дээ. Ерөнхий сайд гэдэг хүний амнаас гарч буй үг их жинтэй. Үг болгон нь араасаа хариуцлага дагуулж байдаг. Гэтэл хоёр хөршийн төрийн тэргүүнүүд уулзаж байхад “Тэд уулзаа л биз, бидэнд ямар хамаатай юм” гэсэн утгатай зүйл ярьсанд нь их эмзэглэсэн. Монгол Улс хоёрхон хөрштэй. Гэтэл саяхнаас ОХУ нүүрсээ Хятадад зарахаар болж байна. Энэ бол Монгол Улсын эрх ашгийг шууд хөндөж байгаа хэрэг. Гэтэл бид нүүрсээ гаргая гэхээр төмөр замынхаа царигийг ч хийгээгүй. Уг нь хувийн хэдэн компани төмөр зам тавих гэж байсан. Үүнийг зогсоочихоод төр тавих нэрээр өрийн бичгээр мөнгө цуглуулаад л сууж байна шүү дээ.
URL: